Sunday, March 29, 2009

MONGOL hemeeh nom bichij ehellee.

Монгол... Дэлхийн түүхийг бичсэн ард түмэн. Цаашлаад олон зүйлийн тухай бид хэлж чадна гээд бодол зогсов.
Би Австрали улсад ирээд эргээд монголын тухай бодлоо цэгцлэхийг оролдов. Яг юун тухай бид яриад, яаж хөгжих гээд байна вэ гэдгээ тодорхойлох цаг нэгэнт болжээ. Магадгүй олон хүн юун тухай бид үргэлж ярьж, юуг хийх ёстойгоо мэддэг боловч харин би гэдэг хувь хүн чухам юу хийх ёстойгоо тодорхойлох шаардлагатай болов. Гэхдээ юуг хийх, эс хийхийг бид ерөнхий утгаар нь хэлж чадах боловч, яаж гэдгээ л бид мэдэхээ байсан мэт санагдана.
Ердийн шийдлүүд бидний бодолд бий. Улс хөгжих ёстой. Зөв амьдрах ёстой. Итгэл үнэмшилдээ үнэнч байх ёстой. Тэгвэл улс хөгжинө. Үнээн гэхдээ дахиад л энэ нийгмийн тогтворгүй, сул дорой хөгжлөө хэрхэн арилгах вэ гэдэгт дахин дахин асуулт тавьмаар санагдана. Би Америк, Англи, Герман, Япон гээд нэлээд хэдэн оронд амьдарч үзжээ. Зүгээр нэг жуулчны сэтгэхүйгээр биш тэр ард түмний дотор орж амьдарч үзсэн байна. Харин одоо Австралид байна. Бодох харьцуулах, дүгнэлт хийх цаг нэгэнт бүрдсэн гэж үзлээ. Учир нь би энэ амьдралын төлөө, амьдрахын төлөө улсаа хөгжүүлэхийн төлөө ямагт урагшаа харж явсан. Өвлийн хүйтэнд хацраа хөлдөөн байж хэдэн бор төгрөгний төлөө даарч бээрч үзлээ. Эр хүний хийх ёсгүй гэж байнга толгойд байдаг жорлон угаах, цэвэрлэх гээд хийморь лундаанд ч халтай байж мэдэх ажил хийж, өөрөөсөө ёс суртахуун дор нөхдүүдэд ч зарагдаж үзлээ. Яг ямар ажлууд хийж үзвээ. Бодоё.
Би 21 настайдаа Англи явлаа. Тэнд би будагчин, аяга угаагч, цэвэрлэгч, зөөгч хийж үзсэн байна.
Би 23 настай залуу сургууль төгсөх жилээ өөрийн гэсэн оронтой болохын төлөө машины сэлбэг, жорлонгийн цаас, саван, сальфетка, хүнс зарж, өнөөх Нарантуулын босгыг овоо хэдэн өдөр давж, ганзагын гэх наймааг эрхэлж үзсэн. Цаашлаад өмгөөлөгч, хуулийн зөвлөх хийж Монголын томоохонд тооцогдох компаниудын хэдэн сая доллараар үнэлэгдэх гэрээ хийхэд зөвлөж, хорь гучин сая долларын маргаанд орж шүүхэд ялж явлаа. Америк, англи, герман, швейцари, орос, франц гэх мэт орнуудын эргүү, харамч, худалч, баян, элгэмсэг, ухаантай гээд түмэн зүйлийн хүнд хууль гэж ийм юм байдаг юм гэж ярьж, зөвлөж үзжээ. Эрүүгийн элемент гэгчдээс авахуулаад эмээ, өвөө, эхнэр, нөхөр, эрэгтэй, эмэгтэй гээд олон монгол хүнд бас л өнөөх хуулиа ярьсан. Хөдөө сум, багийн иргэдээс авахуулаад шүүгч, прокурор, өмгөөлөгч, цагдаа, нотариатч, УИХ-ын гишүүн, дарга цэрэг гээд олон хүнд хууль ийм байвал зохилтой хэмээн бас л айлдаж үзжээ. Би бас их сургуулийн оюутнуудаас эхлээд Улсын Дээд Шүүхийн шүүгчдэд хуулийн хичээл орсон байна.
Би 28 настай Австралид ирэв. Хэдхэн хоногийн өмнө нь би Монгол Улсын УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөх гэдэг ажил хийж өнөөх саарал ордны 3 давхарт хөмсгөө зангидаж, зангиагаа сулалсан нэг нөхөр туг барьж явлаа. Харин Австралид ирээд хорь хоногийн дараа үхрийн арьсны үйлдвэрт 100 кг арьс өргөөд хөлсөө дуслуулан тугал хариулав. Өнөөх туг ч барина, тугал ч хариулна гэдэг энэ бизээ. Үмхий, хүнд, халуун орчин.
Дараа нь ажлаасаа гараад одоо олон нийтийн харилцаа гэдэг хичээл үзээд оюутан болоод сууж байна. Оюутан... Америкт би бас оюутан байсан. Германд, Японд оюунтан гэж хүндлэгдэж явав.
Харин өнөөдөр сурч байгаа оюутан энэ хичээлийг үзэх зуур олон зүйлийн бодолд дарагдлаа. МОНГОЛ дахь PR гэж юу байна вэ гэж бодож үзэв. PR-ийн гол зүйл бол дүгнэлт гаргах явдал байдаг иймээс би өнөөдрөөс эхэлж Монголын талаарх хувийн дүгнэлтээ бичихээр шийдлээ. Урьд өгүүлсэн олон газраар явж, үзэж, сурч, ажил хийж, олон хүнтэй харьцаж байсан минь дүгнэлт хийх цаг нь болсныг илтгэж байна гэж бодлоо. Бодол цэгцэрч, бяр суух болтугай.